Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
XVIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ. 1760 онд Бадамын дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьж, Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна. Эдгээр сүм нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” хэмээн олны дунд алдаршжээ. XX зууны эхэн үе гэхэд 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндгийг олгодог Монголын нэр нөлөөтэй том хийд болсон байна. 200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 онд нураан буулгах үед 21 барилга байгууламжтай байжээ.
Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтанд авсан. Өдгөө Манзуширын хийдийн тууринд XVIII зууны сүүлчээр байгуулсан Манзушир бурхныг тахидаг байсан Зөөлөн эгшигт хэмээх их хийдийн үлдэгдэл байдаг. Мөн сүүлд сэргээгдсэн Манзушир хутагтын Сэрүүн лаврин хэмээх барилгыг музей болгон ашиглаж Богдхан уулын байгалийн материал ашиглан хийсэн гар урлалын үзмэр, ангийн үс, амьтдын чихмэл бүхий үзмэрийг дэлгэн үзүүлжээ. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог энэ тогооны амсарын тойрог 215 см, гүн нь 140 см, багтаамж нь 1800 л, хүнд нь 2 тн ажээ.