• 04 сарын 29, Даваа гараг
Богдхан уул Цэцээ гүний оргил
70 ХҮН ҮЗСЭН БАЙНА

1780 онд Цэцээ гүний овоо тахилгын сүм, холбогдох байгууламжийг барьж, тайлгын хурал ном хурж, манпад өргөж эхэлжээ.

Судалгаагаар Богд уул нэг зуун наян сая гаруй жилийн тэртэй үүссэн ба Хэнтийн хотгорын гүн усны терриген хурдас, мезозойн эриний боржингоос бүрдсэн аж. Хан гарьд хэлбэртэй хадан тогтоц ч 200-гаад сая жилийн настай нь лавтай. Эл оргил Улаанбаатараас 967 м, Зуунмодоос 750 м харьцангуй өндөрт оршдог гэж О.Намнандорж гуай хэмжсэн нь бий.

Хойт өргөргийн 47о43`-47о54`, зүүн уртрагийн 106о50`-107о10`-д орших Богд хан  хайрхан уулын маань дархан цаазтай 41,1 мянган га талбайн тэн хагас илүү нь ой мод бут сөөг бүхий аж. Монголын ой модны урд хормой, евроазийн болон Сибирийн балар тайгын тархацын өмнөд дуусгавар зах, дэлхийн усны хагалбар хан Хэнтийн нурууны салбар уулсын баруун өмнөх шувтрага-ой тайгын ландшафт голлох, газар зүй, геоморфлогийн өвөрмөц бүтэцтэй нэн ховор энэ сайхан уулын ой мод бүхий талбайн 10591 га нь хар модон, 4835 га нь хушин, 2508 га нь гачууран, 436 га нь нарсан, үлдэх 887 га нь хус, улиангар, хайлаастай бөгөөд ойн бүх нөөцийг 29 сая шоо метр гэж 1970-аад онд тогтоосон байдаг. Цэцээ гүн, Түшээ гүн, зүүн баруун Ширээ, их бага Тэнгэрийн нурууд дүгнийсэн зүг зүгтээ асгарсан Нүхт, Арцат, Хүүш, Чандмань, Чандманий богино, Зайсангийн богино, Зайсан, их Тэнгэр, бага Тэнгэр, Залаат, Залаатын богино, Хөхрөөгийн богино, Хөхрөө, Хүрэл тогоот, бага Хүрэл тогоот, Чулуут, Бумбат, Харганат, Төр хурах, Шаварт, Ширдэгтийн богино, Ширдэгт, Баянбулаг, Өгөөмөр, Их булаг, зүүн Дэлгэр, зүүн Дэлгэрийн богино, Зуун мод, Номт, баруун Дэлгэр, Юмтын давааны өвөр, Бөхөг, Түргэн, Өвгөнт, өвөр Зайсан, Яргайт, Тайны ам гээд дөчөөд ам болгонд нь араатан жигүүртэн амгалан амьдарсан онгон дагшин газар хэмээн алдаршсан. Тэр 27 амны цагдаа нь хан хайрханаа амин лугаа адил сахиад, тахилга ёслолд цөм цахиур буутайгаа, гоёж ирж оролцдог байжээ.

      Эргэн тойрных нь 20 амнаас гол горхи жирэлзэн бууна. Түргэний гол 36,2 км, Зуун модны гол 33,4 км, Чулуут 23,1 км, Хүрхрээ 32,6 км гээд л... урт сайхан горхи эдүгээ цөөрсөн байна. Богдхан хайрхан ууланд 70 овгийн 256 төрлийн 580 гаруй зүйл дээд ургамал, 33 овог 80 төрлийн 166 зүйл хөвд, 16 овог 40 төрөл  220  зүйлийн хаг ургаж, 54 зүйл хөхтөн, 1660 гаруй зүйл шавьж, 3 зүйл хоёр нутагтан амьдардгийг судлаачид бүртгэжээ. Тэнгэр дүүрэн жигүүртэн-194  зүйл  нүүдлийн  болон  байран  шувуудтай аж.

 

2023-01-03 10:55:24