• 02 сарын 23, Даваа гараг
Зуунмод сумын Засаг дарга Б.Хатанбаатар “Төв Чандмань” ДЭХГ-ын удирдлагуудтай уулзлаа
12 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуунмод сумын Засаг дарга Б.Хатанбаатар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Эрдэнэтоль тэргүүтэй хотын удирдлагууд “Төв чандмань” Дулааны эрчим хүчний газрын дарга Д.Баярбат болон холбогдох албаны мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар Зуунмод сумын орон сууцуудын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар арчлалт,цэвэрлэгээ үйлчилгээний ажилд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, нөөц бололцооны нөхцөл байдлын талаар санал солилцов.

“Төв чандмань” ДЭХГ-н зүгээс шугам хоолойнууд хуучирч элэгдэлд орсноос үүдэн зарим байршилд бохир халих, шугам сүлжээнд гэмтэл гарах асуудал байнга тулгарч байгааг онцоллоо. Түүнчлэн иргэдийн хариуцлагагүй үйлдлээс үүдэн бохирын шугам бөглөрч, улмаар гэмтэл, саатал үүсэх тохиолдол их байгааг дурдсан юм.

Зуунмод сумын Засаг дарга Б.Хатанбаатар дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, шаардлагатай зориулалтын машиныг шийдвэрлэж өгөхөө мэдэгдлээ. Мөн цаашид дулааны эрчим хүчний газар тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор олон талын төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг уулзалтуудыг үе шаттай зохион байгуулах санал гаргалаа.

2026-02-12 00:00:00