• 70273698
  • zuunmod.city.tov@gmail.com
ЗУУНМОД СУМЫН БИЛЭГДЭЛ

ЗУУНМОД СУМЫН СҮЛДЭНД БУГА БАЙХЫН ТУХАЙД

Өтгөс домог хууч хүүрнэхийг чагнавал Монголын Манзуширын ууган хувилгаанаар Хөх нуурын газар төрж, тодорсон Агваанлувсанжамбалданзан/Агваан-хэлний эрхэт, Лувсан- сайн оюут, Жамбал-зөөлөн цогт, Данзан- сургуул баригч/ лам долоон тангадтай энээхэн хавьд нутаг шинжиж алхтал цагаан чулуугаар сийлсэн “Цагаан өвгөн”, хаш чулуун “Найдан” бурхад олдсонд “газар шинжээч” ламтан ихэд бэлэгшээж гэнэ. Тухайд домог сонсвол Манзушир ламтан хийд байгуулах тааламжтай газар сонгохоор шинжээчдийг хэн нэгэнд нь үл мэдэгдэн нэг нэгээр нь явуулж товлосон газартаа өөрийн тэмдэг тавиарай, тэгээд надад ирж сонсгол барь гэдэг байж гэнэ. Тэгэхлээр ямартай ч хоёрын зэрэг нутаг шинжээчийн үзэж, нууц тэмдгээ залж орхисон газарт хутагт хувраг өөрөө бас шинжээд сонгож сүм буурилах дэвсгэр олсон хэрэг байжээ.

Цагаан буга хөлөглөсөн Цагаан өвгөн нь Богд хан уулын савдаг бөгөөд идэр залуудаа анчин явсан хагас бурхан- хүн: буян, эд, нас, үр дөрвийг ивээгч учир их бэлгэ ерөөлтэй гэдэг байна. Эрдэм оюунаар алдаршсан, бодь сэтгэлийн хурыг буулгагч цэвэр, цэмцгэр Найдан нь сүм хийдийг бат оршуулах учиртай бурхан юм гэнэ.

Бичиг хард дурдсаныг үзвэл Манзушир хийд Гомбо, Чойжоо, Чадраабал голлосон цамд 50-70 лам оролцож Лхам, Арван хангал, Эрлиг номунхан, Чадраабал, Цагаан буга тэргүүлдэг гурван янз их цам бүждэг байсан гэх бөгөөд цамын баг нь гоё сайхан урлал байжээ янз нь.

Домогт өгүүлдгээр: Дайны хөлөөс өнчин үлдсэн Монгол хүү орь ганцаар ойд төөрсөн явтал янзагаа хөхүүлэн буй гунжин согоотой тааралдаж, тэр согоо хүүг авран тэтгэснээр хөхийг нь хөхөж тэнхэрчээ. Ромын домог лугаа адил. Мөнхүү согооны сүү мөнхийн рашаан болсноор тэр Монгол хүү нь эдүгээ Цагаан өвгөн болоод цагаан буга хөлөглөн яваа нь тэр гэнэм. Учир мэдэх настнуудын уламжилснаар Зуунмод хот тэрхүү мөнхийн насан хутгийн рашаан хайрлагч цагаан бугаар сүлдээ хийсэн хэрэг юмсанжээ.

Бугыг нас урттай амьтан тул авлаж устгавал хүний аминд цөвтэй гэж үздэг учраас авлалтын ёс жаяг хүндэтгэл нь бусдаас өвөрмөц байжээ. Анчнаас асуу?

Нийтдээ 700 гаруй буган хөшөө буйн 550 орчим нь Монгол нутагт буй гэдэг. Буган хөшөө нь утга зүй, зориулалтаараа оршуулга, тахилгын зан үйл бүхий хиргисүүртэй хамт орших цогцолбор дурсгал бөгөөд дийлэнх судлаачид хөшөөний илэрхийллийг хүнтэй холбоотой хөшөө дурсгал гэдэг үзлийг баримталж байдаг. Тодруулбал: “оршуулсан дайчин цэргийн хөшөө”, “дайчин эр”, “язгууртан удирдагч хүний дүр”, “хүний сүнслэг бие дүр” хэмээн үзэж байна. Үүнийг ч буган хөшөөний хэлбэр дүрслэлийн агуулга нь нотолдог.

Алун гоо эхийн домогт Алун гоо Добун мэргэнд ирээд 2 хүү төрүүлдэг. Үүний дараа Добун мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарна. Ой дотор Урианхадай хүн чөх буга алж хавирга авидыг шарж байхад очиж “Нөхөр  шорлогодоо” гэж хэлдэг. Өнөө хүн “өгсү” гээд уушиг зүлд, арьсыг авч чөх бугын махыг өгнө. Добун мэргэн түүнийг авч ирэх зуурт нэг яданги хүн хөвгүүнээ хөтөлж явахад “Юун хүн чи” гэвэл Би Малиг баягудай иргэн ядаж явна. Тэр гөрөөсний махнаас өг. Би энэ хөвгүүнээ чамд өгье гэдэг. Бугын өрөөсөн гуяыг өгдөг. Добун мэргэн тэр хүүг гэртээ зарж явтал, өөрөө нас бардаг. Добун баяныг үгүй болсон хойно Алун гоо жирэмсэлж гурван хүү төрүүлдэг. Бугу/буга/ хатаги, Бугуту/бугат/ салжи, Бодончар мунхаг бүлгээ. Монгол хаадын уг удам ингэж бугатай холбогдоно. Эндээс бугыг шүтэх хайрлах сэтгэлгээ ихэд дэлгэрсэн байдаг.

 

Нарлаг Зуунмод хот гэж бэлэгшээж мандан цацарч буй алтан шар нарны наана Манзушир хийд оршин байгаа Богд хан уулын өвөрт Зуунмод хотыг дүрсэлсэн бөгөөд Манзуширын савдаг Цагаан буга нь урам зоригтойгоор урамдаж байгаагаар дүрсэлжээ. Нарны наана байгаа цагаан буга цэнхэр өнгөөр сүүдэртэн харагдаж байгаа бөгөөд буганы эвэрны дээш харсан салаа эвэрний үзүүр нь Долоон бурхан одыг билэгдсэн байна. Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот маань хаяа дэрлэн байгуулагдах Их Майдар хот, Нисэхийн дагуул хоттой хамт хөгжих, хотжих ирээдүйн дүр зургийг билэгдэн хотын барилга байгууламжийг дүрсэлсэн бөгөөд ногоон байгууламж цэцэг навчтай Ногоон хот болно гэж модны дүрслэлийг шигтгэсэн байна. Зуунмодтой байсан учир Зуунмодны ам хэмээн нэрлэгдсэн Богд уулын өвөр энгэрт 1942 онд байгуулагдсан Төв аймгийн төвийг Зуунмод хот гэж нэрлэжээ. Нарийн сайн ажиглабал бэлэгдлийн наад нүүрэн талд байгаа гурван мод нь 100 гэсэн тоог дүрсэлсэн байна. Зуунмод хэмээх нэрний цаад хагас дугуйрсан цэнхэр дүрс нь автозамыг дүрсэлсэн бөгөөд Зуунмод сум маань хот болон хөгжих бэлэгдлийг бодож Зуунмод хот гэж нэрлэсэн байна. Энэхүү Билэгдлийг байгууллагын брэнд хөгжүүлэх чиглэлээр 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Брэйнсторм ХХК-ий чадварлаг уран бүтээлчид бүтээсэн бөгөөд Зуунмод сумын ИТХ-ын Наймдах удаагийн сонгуулийн  Арвантавдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналаар шинэ Бэлэгдлийг баталсан юм.

 

 

2021-07-22 18:08:24