• 04 сарын 20, Бямба гараг
Танилцуулга
4953 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН

ТҮҮХЭН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Төв аймгийг Улаанбаатар хотоос Зуунмодны амны Сэрүүн Дэнжид төвлөрүүлэх шийдвэр гаргасан билээ. Төв аймаг анх Богдхан уулын өвөрт шилжин байрласан үед бие даасан төр захиргааны анхан шатны байгууллага байхгүй байлаа.  Энэ ажил хэрэгжин эхэлсэн үе 1942 онд Зосын давааны ард байрлаж байсан Сэргэлэн сумын төвийг нүүлгэн ирүүлж Засаг захиргааны харъяалал бий болгосноор Зуунмод хот үүсч хөгжих эхлэл тавигдсан байна. Үүнээс хойш 1960 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 109 дүгээр зарлигаар Засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулан аймгийн төвд хороо захиргаа байгуулж, Сэргэлэн сумаас тусгаарлан бие даасан төрийн захиргааны анхан шатны нэгж байгуулагдсан байна.

 

Ингээд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны 06 дугаар сарын 04-ний 124 дүгээр зарлигаар Төв аймгийн төвийн хороо захиргааг өөрчлөн  Зуунмод хот гэж нэрлэсэн байна. Төв аймгийн төвийн засаг захиргааны нэгж нь Зуунмодны хороо захиргаа нэртэй 1963 онд байгуулагдаж дарга, нарийн бичгийн дарга, бичээч, үйлчлэгч гэсэн дөрвөн орон тоотой ажиллаж байлаа.  Хороо захиргааг Зуунмод хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа /АДХГЗ/ болгон өөрчилжээ.

 

Мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны тогтоолоор Зуунмод хотын бэлэгдэл “Буга” байхаар шийдвэрлэж, Монгол улсын Их Хурлын 2003 оны 01 дүгээр сарын 02-ны 01 дүгээр тогтоолоор Зуунмод хотыг “Төвийн бүсийн тулгуур хот” болгохоор баталжээ.

 

Зуунмод хот нь Монгол нутгийн төв, хангайн бүсэд 300 гаруй жилийн түүхтэй дархан цаазат Богдхан уулын энгэр Зуунмодны Сэрүүн дэнж хэмээх газар нь далайн түвшинээс дээш 1200 метр өргөгдсөн, 1948 га нутаг дэвсгэрийг эзлэн улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 43 км зайд оршдог юм. 

 

Энэ нутагт жилийн дундаж хур тунадас 250 мм, өвөлдөө 35-38 хэм, салхины хүч   3-7.7-10 м/сек, зуны улиралд +18+28 хэм, ноёлох салхи ихэвчлэн баруун хойноос чиглэлтэй байдаг онцлогтой. 

 

Одоогийн байдлаар Зуунмод сум /хот/-ын Засаг даргын Тамгын газар нь Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, Хууль эрх зүйн мэргэжилтэн, Санхүүгийн албаны дарга, Төрийн сангийн мэргэжилтэн, төсвийн ерөнхий нягтлан бодогч, Дотоод ажил, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн хөгжлийн  мэргэжилтэн 2, ХАА-н тасаг 3, Архив, бичиг хэргийн эрхлэгч, ОНИМТөвийн ажилтан, ЗД-ын туслах, гадаад харилцааны ажилтан, Нярав, Жижүүр, Үйлчлэгч, Захирагчийн ажлын албанд Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Дэд бүтэц, хот тохижилт хариуцсан мэргэжилтэн, багийн Засаг дарга 6, зохион байгуулагч 6, сахиул, хэсгийн ахлагчийн орон тоотой ажиллаж байна.

 

Зуунмод сум нь 2018 оны жилийн эцсийн байдлаар 17261 суурин хүн амтай, 5392 өрхтэй, 2019 оны жилийн эцсийн байдлаар малын тоо 89992,  малчин өрх 227, малчдын тоо 320 байна. 

 

Зуунмод хотын нутаг дэвсгэрт төсвийн байгууллага 60 гаруй ажиллаж байгаагаас   сургуулийн өмнөх боловсрол олгож буй төрийн өмчийн 6, хувийн хэвшлийн 1, нийт 7  цэцэрлэг, 2 хүүхэд харах үйлчилгээгээр дамжуулан 1596 хүүхэд суралцаж байна. ЕБС-ийн хувьд цогцолбор сургууль 1, 12 жилийн сургалттай сургууль 2, нийт 3 сургуульд 3784 суралцагч, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 11 мэргэжлийн ангид 348 суралцагч, нийт 5728 хүүхэд залуучууд тус тус суралцаж байна. 1000 хүний суудалтай аймгийн спортын ордон, Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Солонго” кино театр үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн орчин үеийн оношлогоо шинжилгээний техник технологиор хангагдсан        200 ортой Нэгдсэн эмнэлэг, өрхийн хэсгийн эмнэлэг, цагдаагийн газар, музей, номын сан, 800 хүний суудалтай “Монгол туургатан” театр зэрэг төсвийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа.

Тус хотод үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж 400 орчмоос шуудан үйлчилгээ, үүрэн телефоны  салбар 6, банк, санхүүгийн салбар 8, худалдааны Супермаркет 3, хүнс, барааны болон гоо сайхан, бараа материалын 100 гаруй худалдааны нэгж салбар, нийтийн хоол, зоогийн газар 26, хоршоо 25 ажиллаж байгаагийн зэрэгцээ “Төв-Чандмань” ОНӨҮГ, “Төв-АЗЗА”, “БОНН” ХХК-ийн даавууны бэлдэцийн үйлдвэр, “Могол ноос” ээрмэлийн үйлдвэр, Шатахуун түгээх станц зэрэг томоохон аж ахуйн нэгж, байгууллага, Чех улсын тусламжаар “Махны үйлдвэр” баригдан тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймгийн нийт хүн амын 18 хувь нь төвлөрч ЕБС-д суралцагчдын 22.3%, ахуй үйлчилгээнд хамрагдагчдын 33.7%, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн борлуулалтын 58%, зорчигч тээврийн 83.3 хувь нь тус тус Зуунмод хотод ногдож байдаг.

 

 

Зуунмод хотын дарга нар :

 

  1. Зуунмод хотын АДХГЗ-ны анхны дарга

 САНЖМЯТАВЫН ДАШЗЭВЭГ 1966-1980 он хүртэл 15 жил

  1. БАЛЖИННЯМЫН ЖАДАМБА 1979-1991 он

  2. ЗЭВЭГИЙН ЛХАГВАСҮРЭН 1990-1992 он

  3. ДАРЖААГИЙН ОЧИРБАТ 1992 он

  4. ЧИМЭДДАВААГИЙН АДЪЯАСҮРЭН 1992-1994 он

  5. НАМСРАЙН ГАЛБАДРАХ 1994-2000 он

  6. РЭНЦЭНГИЙН ЛХАГВА 2000-2004 он

  7. ЦЭВЭГМИДИЙН БАТБОЛД 2004-2008 он

  8. ГОНЧИГСҮРЭНГИЙН МӨНХБАДРАЛ 2008-2012 он

  9. ЖАНЧИВИЙН ЦЭНДСҮРЭН 2012-2016 он

  10. ГОНЧИГСҮРЭНГИЙН МӨНХБАДРАЛ 2016 оноос

  11. ЧУЛУУНБАТЫН САРАНГЭРЭЛ 2020 оноос


 

Зуунмод сумын Засаг даргын орлогч нар:

 

  1. Ю.Цэндсүрэн 1995-2007

  2. З.Доржгочоо 2007-

  3. И.Балсанжав 2008-2012 он

  4. М.Ширбазар 2012-2015 он

  5. З.Эрдэнэбаатар 2012-2016 он

  6. Г.Гантөгс 2016 оноос

  7. Н.Энхсайхан 2020 оноос

Зуунмод сумын  ЗДТГ-ын дарга нар: /1992 онд засаг захиргааны шинэчилсэн 

зохион байгуулалтаар Засаг даргын 

Тамгын газрын дарга гэж нэрлэсэн/

  1. ЗДТГ-ын анхны дарга

ДАШДОРЖИЙН ЖАГАРЗЭСЭМ 1992-1996 он

  1. ДОРЖПҮРЭВИЙН РЭНЦЭНДОРЖ 2000-2006 он
  2. н.МИЖИДДОРЖ 2006-2007 он
  3. БЯМБААГИЙН БАЯРСАЙХАН 2007-2012 он
  4. ЖАНЧИВДОРЖИЙН ГАНБАТ 2012-2016 он
  5. ПҮРЭВЖАВЫН ЦЭЛМЭГ 2016-2017 он
  6. БЯМБААГИЙН БАЯРСАЙХАН 2017-2018 он
  7. ПҮРЭВЖАВЫН ЦЭЛМЭГ 2018-2019 он
  8. ГҮРДАГВЫН БАТЖАРГАЛ 2019 оноос

 

2021-07-24 00:00:00